2024.09.09 - 2024.09.13

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Би алдаагаа ойлгож түүнийг хүлээн зөвшөөрөх

үедээ өөрөөрөө бахархдаг."

- Жорж Сорос

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,349.89 нэгжид хүрч 1.26 хувийн бууралттай хаагдлаа. 
  2. Монголбанк 2024 оны 9-р сарын 13-ны өдөр мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэж бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгохоор шийдвэрлэлээ.
  3. Монгол жлсын нийт гадаад өр оны I хагаст 34.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ. Тайлант хугацаанд Засгийн газрын нийт өр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурчээ. Улсын нийт гадаад өр оны эхний хагаст 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 тэрбум ам.доллар буюу 17.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 43.9 хувиар буурсан. Тус банк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс өнгөрсөн VI сард 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт хийснээ мэдээлж байсан юм. Нийт гадаад өрийн 46.7 хувь нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байгаа бол 21.8 хувийг Засгийн газрын өр, үлдсэнийг нь Төв банк болон бусад хадгаламжийн байгууллагын өр бүрдүүлж байна.Тайлант хугацаанд Засгийн газрын нийт өр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Задлаад харвал Засгийн газрын гадаад өр оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 25.6 тэрбум төгрөгөөр, дотоод өр 510 тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 489.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Тус хугацаанд Засгийн газар өрийн үндсэн төлбөрт 1.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 586 тэрбум төгрөг төлжээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 4.02 хувийн өсөлттэй хаагдлаа. Чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн хувьцааны ханш 15.82 хувийн өсөлт үзүүлсэн нь зах зээлийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүллээ. 
  2. АНУ-ын 8-р сарын инфляцын түвшин 2.9 хувиас буурч 2.5 хувь гарлаа. Энэ нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшин юм. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.2 хувьд хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа. Үндсэн инфляцын түвшин 2.5 хувьд хүрч буурсан нь Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдад бодлогын хүүг бууруулах хангалттай баталгаа болж чадна гэж бид үзэж байна. Холбооны нөөцийн сангийн дараагийн мөнгөний бодлогын хурал 9 сарын 19-ний өглөөний 2 цагт болно.
  3. АНУ-ын 8-р сарын үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) сарын өмнөх үеэс 0.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын төв банк бодлогын хүүгээ бууруулснаас үүдэн Евро бүсийн хувьцаанууд өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.12 хувь, STOXX Europe 600 индекс 1.85 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Европын төв банк суурь хүүгийн түвшнээ өнгөрөгч 7 хоногт 0.25 хувиар бууруулж 3.50 хувьд хүргэлээ. Энэ нь Европын төв банкны 2024 онд хүүгийн түвшнийг 2 дахь удаагаа бууруулж буй тохиолдол болж байна. Евро бүсийн инфляцын түвшин бууралттай байгаа нь бодлогын хүүг бууруулах орон зайг үүсгээд байгаа юм.
  3. Европын төв банк Евро бүсийн 2024 оны эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь, 2025 оны эдийн засгийн өсөлтийг 1.3 хувь, 2026 оны эдийн засгийн өсөлтийг 1.5 хувь гэж таамаглаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох 2 индекс өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Nikkei 225 индекс 0.52 хувь өссөн бол TOPIX индекс 1.01 хувийн уналттай байлаа. Япон улсын иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт чангарсан нь экспортоор орлого олдог компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх билээ. Тиймээс иений ханш ам.долларын эсрэг чангарсан нь зах зээлийн уналтад нөлөөллөө.
  2. Япон улсын төв банкны бодлого боловсруулагчид төв банкны одоогийн бодлогын хүүг хэт бага түвшинд байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийн болон инфляцын хэтийн төлөвийг харгалзан үзэж 2024 оны 2-р хагас жилд бодлогын хүүг хамгийн багадаа 1 хувьд хүрсэн байхыг зохимжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
  3. Япон улсын 2024 оны 2-р улирлын эдийн засгийн өсөлт шинэчилсэн тооцооллоор улирлын өмнөх үеэсээ 2.9 хувь (YoY) өссөн үзүүлэлттэй болж шинэчлэгдлээ. Энэ нь анхны тооцоолол болох 3.1 хувиас бууралттай үзүүлэлт болж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралын болзошгүй эрсдэлд хөрөнгө оруулагчид санаа зовнисон хэвээр байна. Үүний улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.23 хувь, CSI 300 индекс 2.23 хувийн тус тус уналттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын 8-р сарын инфляцын түвшин 0.6 хувь (YoY) гарлаа. Энэ нь тус улсад дефляцийн эрсдэл байгаагийн дохиог өгч байна.
  3. БНХАУ-ын 8-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 8.7 хувь, импорт 0.5 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын гадаад худалдаа 8-р сард 649.34 тэрбум юанийн ашигтай гарлаа.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ


Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.62 хувиас 6.77 хувийн хооронд байна.


Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.42 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.9 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.65 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 2024.09.05


"Монголын хөрөнгийн бирж" ХК нь үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох, үнэт цаас гаргагчаас олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцыг хялбаршуулж, шуурхай байдлыг хангах үүднээс одоогийн мөрдөгдөж буй “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, журмын төслийг боловсруулаад байна. 


Дэлгэрэнгүй